УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2024.11.11/ хуралдсан бөгөөд хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн гишүүд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Б.ЖАРГАЛМАА:
-УИХ-д сонгогдсон шинэ гишүүд өнгөрсөн долдугаар сарын 2-нд тангаргаа өргөсөн. Түүнээс хойш буюу өнгөрсөн дөрвөн сар гаруйн хугацаанд улсын төсөвтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байна. Алдаа завхрал их гарлаа. 2023 оны төсвийн гүйцэтгэлийг өмнөх парламент хэлэлцээгүй байсан. 2025 оны төсвийн хуулийг хэлэлцэхтэй холботой олон асуудал гарлаа.
Засгийн газраас 2025 оны төсвийн төслийг өргөн барихдаа маш том тэлэлттэй төсөв өргөн барьсан. Үүнийг хийхийн тулд эхлээд УИХ-ын ээлжит бус чуулганаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар замыг нь зассан.
Хоёрхон жилийн дотор улсын төсөв маш өндөр хэмжээгээр тэлээд ороод ирсэн.
УИХ -д төсөв танах эрх хэрэгжсэгүй. Анх удаа шахам УИХ Засгийн газраас өргөн барьсан 2025 оны төсвийг тэр чигт нь шахам баталлаа. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дэгийн тухай хуультай холбоотой олон алдаа дутагдал гарсан. Шинэ дэгээр төсөвтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналыг хоёр хоногийн өмнө Байнгын хороонд өгөх ёстой гэх юм уу, өгсөн саналд Байнгын хорооны дарга ялгамжтай байдлаар хандсан. УИХ-ын төсвийг эцэслэн батлахдаа төхөөрөмжөөр биш гар өргүүлж санал хураалаа. Хэдэн тооны гишүүн ямар санал өгсөн тухай мэдээлэл ирээгүй байна. Энэ мэдээллийг авахаар бүлгээс УИХ-д хандсан. Улсын төсвийн хэлэлцүүлэг туйлын хариуцлагагүй байдлаар явсан.
Мэргэжлийн байнгын хороо болох Төсвийн байнгын хорооны дарга, 2025 оны төсвийг хэлэлцүүлэгт бэлтгүүлэх ажлын хэсгийн даргаар ажилласан Ц.Даваасүрэн даргад хариуцлага тооцох ёстой гэдэг санал гарсан.
Одоо Засгийн газар Төсвийн тодотголыг оруулж ирэхэд Ардчилсан намын бүлэг ямар байр суурь баримтлах юм бэ гэдэг дээр, Засгийн газар дээр ямар чиглэл өгөх юм бэ гэдэг дээр Ардчилсан намын бүлэг ажлын хэсэг байгуулж ажиллахаар боллоо. Арваннэг, арванхоёрдугаар сард УИХ дахиад улсын төсөвтэй зууралдах болж байна. Иргэд, олон нийтийн байгууллагатай Ардчилсан намын бүлэг нягтарч ажиллаж, 2025 оны төсвийн тодотголд саяны шүүүмжлэлийг тусгуулахын төлөө ажиллана.
-Монгол Улсын 2025 оны төсөвтэй холбоотой Ардчилсан намын гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналыг байнгын хорооны хуралдаан дээр таныг унагаж, МАН-ын бүлгийн талд ажилласан гэдэг санал шүүмжлэл өрнөж байна. Яагаад гишүүдийнхээ эсрэг ажилласан юм бэ?
-Миний хувьд Ардын намын талд ажилласан удаа байхгүй. Хувь гишүүдийн оруулж ирж байгаа зарчмын зөрүүтэй саналыг УИХ -ын гишүүн заавал дэмжих албагүй. Бүлгээс гаргасан шийдвэр биш учраас хэн нэгэн зөвхөн Ардчилсан намын гишүүн оруулж ирсэн гэдэг агуулгаар дэмжих албагүй. УИХ-ын гишүүний бүрэн эрх.
УИХ-ын гишүүн Ч.ЛОДОЙСАМБУУ:
-УИХ –ын дэгийн хуультай холботой асуудлыг хөндөж байна.
УИХ –ыг өнгөрсөн хугацаанд босоо удирдлагатай нам удирдсанаас хойш парламент хууль мөрдөхөө больсон юм байна гэдгийг нүдээрээ үзлээ.
Хууль биш намын дарга юм уу, хурал удирдаж байгаа даргын үзэмжээр бүх асуудлыг шийддэг болсон байна. Дэгийн хуулийг мөрдүүлэх бус Дэгийн хууль дээр зүйл заалт зохиож уншсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн зөрчил рүү орж байгаа.
УИХ-ын дарга Монгол Улсын 2025 оны төсвийн хэлэлцүүлгийн явцад Дэгийн хуулийг мөрдүүлэхдээ дур мэдэн шийдвэр гаргасан. Үүнээс нь болж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдээс гаргасан зөв зүйтэй зарчмын зөрүүтэй санал унасан. Унасан зарчмын зөрүүтэй саналыг босгож ирж байгаа тохиолдолд дахин дахин горимын санал гаргах нэрийдлээр төхөөрөмжийн нэр барьж, хурал завсарлуулах хүртэл арга хэмжээ авсан.
Тийм учраас УИХ-ын даргад тодорхой хариуцлага хүлээлгэх ёстой гэдэг байр суурьтай байгаа гэлээ.
Г.ХОРОЛ
Эх сурвалж: News.MN
Leave a Reply