Засгийн газрын гурван шилжилтэд “Алибаба групп” хамтран ажиллахаа илэрхийллээ

Засгийн газрын гурван шилжилтэд “Алибаба групп” хамтран ажиллахаа илэрхийллээ

БНХАУ-д ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Ханжөү хотод байрладаг, дэлхийд нэр хүндтэй “Алибаба групп” компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компанийн Олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн захирал, хатагтай Вэнь Жя Тан түүнийг угтан авч, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
“Алибаба групп” компани худалдаа, технологи, санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн хамгийн том группийн нэг бөгөөд өдгөө дижитал медиа, үүлэн технологи, хиймэл оюун ухаан, энтертайнмент, тээвэр логистик, санхүүгийн үйлчилгээ зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг үндэстэн дамнасан корпораци юм. Үүнээс гадна Ханжөү хотыг түгжрэлгүй, БНХАУ-ын ухаалаг, дэвшилтэт технологийн тэргүүлэх хот болон хөгжихөд тус компани чухал хувь нэмэр оруулжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ удаагийн айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай уулзаж, төмөр зам, усан цахилгаан станц зэрэг томоохон төслүүдийг хамтарч эхлүүлж байгаагаа дурдаад Шанхай, Ханжөү хотод зориуд зочилж, технологийн шилдэг компаниудын үйл ажиллагаатай танилцаж, шинэ хамтын ажиллагааг эхлүүлэх зорилготой байгаагаа илэрхийллээ.
 Уулзалтын үр дүнд Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн хурдтай хөгжлийн гурван шилжилтийг хийхэд тус компани манай улстай төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд хүний нөөц чадавхжуулах, боомтуудын дижитал шилжилт, уул уурхайн ухаалаг тээврийн систем зэрэг хэд хэдэн чиглэлээр тус компанитай хамтран ажиллахаар болсныг ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү хэллээ.
Мөн “Алибаба групп” компанийн Олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн захирал Вэнь Жя Тан Монгол Улстай цахим худалдааны платформ хөгжүүлэлт, ухаалаг хотын бүтээн байгуулалт, тус компанийн “Flipig” платформыг түшиглэж хоёр улсын аялал жуулчлалыг шинэ шатанд хөгжүүлэх зэрэг олон талаар Монгол Улсын төр, хувийн хэвшилтэй хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.

Мэдээ