Тус өдөрлөгөөр Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд “Дотор махны өдөр”-ийг тэмдэглэн, дотор махны нөөц, үйлдвэрлэл, зах зээл, хэрэглээний талаар мэдээлэл солилцон, цаашдын боломжуудыг хэлэлцсэн юм.
Өдөрлөгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ), Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын захирагчийн алба, Монголын Махны Холбоо болон Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (ШУТИС) хамтран зохион байгууллаа. Улмаар төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл болон хүнс, хөдөө аж ахуйн салбарын судлаач, эрдэмтэд хэлэлцүүлэг өрнүүллээ.
Тухайлбал, дотор махны нэмүү өртгийн сүлжээг экспортын өсөлтийг дэмжихэд чиглүүлэн хөгжүүлэх, шинэлэг бүтээгдэхүүний үйлдвэрлэлд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг үүсгэн өргөжүүлэх, биологийн үнэт чанар бүхий уг түүхий эд, бүтээгдэхүүнийг шим тэжээлийн дутлыг нөхөх, бууруулахад хэрэглээг нэмэгдүүлэх зэргийн ач холбогдлыг онцолсон юм.
Энэхүү үйл ажиллагаа нь бүрэн ашиглагдахгүй байгаа хүнсний нөөцийг ашиглан Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих өргөн цар хүрээтэй ажлын нэг хэсэг билээ. Улмаар ажлын байр нэмэгдүүлэх, хүн амын эрүүл мэндийг сайжруулах зорилготой юм.